Мэдээ

ҮНДЭСНИЙ ТОМООХОН СПОРТЫН НААДМУУД 2022 ОНД БОЛСОН

Өнгөрөн одож буй 2022 онд Үндэсний хэмжээний томоохон спортын наадмууд болох Монголын бүх ард түмний спортын XV их наадам, Үндэсний спортын VII наадам, Монголын оюутны спортын V наадам зохион байгуулагдсан нь спортын салбарын онцлох нэгэн үйл явдал байлаа. Тэмцээнүүдийн талаарх мэдээллийг эргэн хүргэе.
МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XV НААДАМД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, ХЭНТИЙ АЙМГИЙНХАН ТЭРГҮҮЛЭВ
Монголын бүх ард түмний спортын XV наадмын шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-19-нд болж, 26 спортын шилдгийн шилдгүүд тодорсон. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 183 дугаар тогтоолын дагуу Монголын бүх ард түмний спортын XV наадмыг улс орон даяар 3 үе шаттайгаар амжилттай зохион байгуулж дууссан юм. Наадмын анхан шатны тэмцээнд 12000, шигшээ тэмцээнд 4800 тамирчин, 400 дасгалжуулагч, 430 шүүгч, сайн дурын ажилтан, зохион байгуулагч нар гээд нийтдээ 19000 гаруй төлөөлөгчид хамрагдсан байна.
Наадмын шигшээ тэмцээнүүд 11 хоногийн турш Улаанбаатар хотноо нэгэн зэрэг хугацаанд спортын 17-н төрлийн байгууламжид, спортын 23 төрлөөр зохиогдож 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан шилдэг тамирчид хурд, хүч, оюун ухаан, авхаалж самбаа сорин өрсөлдөж, олон арван дээд амжилтуудыг тогтоосон юм.
Наадамд оролцогчид нийтдээ 624 багц медалийн төлөө өрсөлдсөнөөс 333 буюу 53.3 хувийг аймгууд, 291 буюу 46.6 хувийг нийслэлийн дүүргүүд хүртсэн амжилт гаргажээ.
21 аймаг, есөн дүүргээс шалгарсан 4570 орчим тамирчин 624 багц медалийн төлөө өрсөлдөхөд багийн нэгдсэн дүнгээр дүүргүүдээс Баянзүрх дүүрэг 101 медаль (49 алт, 31 мөнгө, 21 хүрэл), аймгуудаас Хэнтий аймаг 49 медаль (23 алт, 18 мөнгө, 8 хүрэл) хүртсэнээр түрүүллээ. Харин хүчний байгууллагаас "Алдар" спорт хороо 123 медаль (56 алт, 38 мөнгө, 29 хүрэл)-тайгаар тэргүүлсэн байна.
Монголын бүх ард түмний спортын наадмын шилдэг спорт холбоогоор Монголын таеквондогийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын волейболын холбоо, Монголын самбо бөхийн холбоо, Монголын ширээний теннисний холбоо, Монголын гимнастикийн холбоог шалгаруулсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын төрлөөс Монголын үндэсний парахөнгөн атлетикийн холбоо, Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн ширээний теннисний холбоог шалгаруулсан байна.
Энэ удаагийн наадмын анхан шатны тэмцээн гуравдугаар сараас гурван үе шаттайгаар орон даяар өрнөсөн бол шигшээ тэмцээн есдүгээр сарын 9-нөөс эхлэн спортын 26 төрөл (олимпын 18, оюун ухааны хоёр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зургаа)-д болсон юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ СПОРТЫН VII НААДАМ НАЙМДУГААР САРД БОЛЛОО
Дөрвөн жилд нэг удаа болдог Монголын үндэсний спортын VII наадам өнгөрсөн онд боллоо. Монголын үндэсний спортын VII наадам Хүй долоо худагт 2022 оны наймдугаар сарын 11-13-ны өдрүүдэд гурав хоног болж, өндөрлөсөн. Энэ жил нийт 13 төрлөөр зохиогдсон бөгөөд үндсэн найман төрлийн спортоос гадна шинээр үзүүлэх тоглолтод морьт сурын харваа, морин дээрх барилдаан, морин өртөө уралдаан, жороо морины уралдаанууд нэмэгдсэн юм. Монголын үндэсний спортын VII наадмын өвлийн төрлийн мөсний шагай, мөсний сур харвааны тэмцээн 2022 оны хоёрдугаар сарын 18-20-нд болсон. Энэ жилийн тэмцээнд 21 аймаг, есөн дүүргийн урьдчилсан шатнаас шалгарсан тамирчид оролцсон юм. Мөсний шагай харваанд 126, мөсний сур харваанд 300 харваач шигшээ шатанд цэц мэргэнээ сорин өрсөлдөв.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН V НААДАМД МУИС ТЭРГҮҮЛЛЭЭ
Монгол оюутны спортын V наадам 2020 онд эхэлж, цар тахлын улмаас 2022 оны тавдугаар сарын 10-ны өдөр албан ёсоор өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд 29 их, дээд сургуулийн 1607 оюутан тамирчин, 893 дасгалжуулагч, шүүгч, зохион байгуулагч, сайн дурын ажилтан оролцож, медальтнууд тодорсон. Багийн нэгдсэн дүнгээр доктор, профессор Б.Очирхуяг захиралтай МУИС тэргүүлж, анх удаа оюутны наадамд манлайлсан бол хоёрдугаар байрт Ардын багш, доктор, профессор Н.Ням-Осор захиралтай “Их Засаг” олон улсын их сургууль, гуравдугаар байрт М.Өсөхбаяр захиралтай “Мон-Алтиус” дээд сургуулийн баг тамирчид оржээ.




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.