Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Ажлын хэсэг байгуулах тухай” А/07 тоот тушаалыг гарган Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах, судалгаа, хэлэлцүүлэг хийх ажлын хэсгийг байгуулсан юм.
Хуулийн ажлын хэсэг нь 16 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн даргаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, дэд даргаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, гишүүдэд УИХ-ын Редакци, кодификацын ахлах зөвлөх Д.Энхгэрэл, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны ахлах зөвлөх Х.Энэбиш, БТСУХ-ны ТЗУГ-ын дарга О.Баттулга, БТСУХ-ны хэлтсийн дарга Б.Нямсүрэн, О.Баасан, ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн ерөнхий боловсролын спортын төв сургуулийн захирал Ч.Зоригтбаатар, “Улаанбаатар спорт менежмент” орон нутгийн өмчид компанийн хэлтсийн дарга Х.Бакытжан, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын үндэсний паралимпын хорооны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн захирал Г.Энхсайхан, МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн зөвлөх багш С.Жамц, нарийн бичгийн даргаар Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны мэргэжилтэн Б.Өлзийбаяр багтан орсон байна.
Ажлын хэсэг нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хууль тогтоомжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсэг, Монгол Улсын Их хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” 12 дугаар тогтоолыг үндэслэн Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлал, нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулах, судалгаа, хэлэлцүүлэг хийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх арга хэмжээг авах юм.
Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 16-нд Спортын төв ордны 4 давхрын хурлын өрөөнд болж, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ оролцон үг хэллээ. Тэрээр “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлогын цөм болох “бүх нийтийн биеийн тамир, спорт”-ыг хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай тухай тэмдэглэж, Биеийн тамир, спортын тухай хуулийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлэх, тус салбарт тулгамдсан зарим асуудлыг хуулийн шинэтгэлийн хүрээнд шийдвэрлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх нь ажлын хэсгийн зорилго хэмээн онцлов. Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.2.1-д “Хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах зан төлөвт насан туршийн дадал олгох зорилго бүхий биеийн тамир, спортын хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нээлттэй, уян хатан тогтолцоог үндэсний хэмжээнд бүрдүүлнэ.” гэж заасан нь Биеийн тамир, спортын тухай хуулийг үзэл баримтлалын түвшинд эргэн харах, шинэчлэх шаардлагатай болсон гэж тэрээр мэдэгдлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын зүгээс нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулах, спортоор дамжуулан хүн амын эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх, Засгийн газраас дэвшүүлсэн нийгэмд эерэг хандлага төлөвшүүлэх, харилцааны соёлтой байх, эрүүл идэвхтэй амьдралыг сахих, ёс зүйтэй байх, үлгэрлэн манлайлах явдлыг биеийн тамир, спортын салбараас түүчээлэн хэвшүүлэх ажлыг зохион байгуулах чиглэлийн ажлыг хууль, дүрэм, журамд тусган, амьдрал, үйл ажиллагаандаа дадал болгон хэвшүүлэх нь
чухал байгаа талаар дурдсан юм.
Хурлын үеэр хуулийн ажлын хэсгийн дарга Э.Тэмүүжин нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулж, “Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үндэслэл шаардлага-”ыг танилцуулсан бол Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нь “Биеийн тамир, спортын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга”-ыг хийж, БТСУХ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ нь “УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилсан Биеийн тамир, спортын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга”-ыг ажлын хэсгийнхэнд мэдээлсэн бол Ажлын албаны хуулийн мэргэжилтэн Б.Өлзийбаяр нь “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын талаар гишүүдэд танилцуулга хийлээ. БТСУХ-ны дарга Д. Жаргалсайхан мэдээлэлдээ БТС-ын хууль, эрх зүйн орчинг өөрчлөн шинэчлэх явдал бол их чухал асуудал.
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос 2021 оны дөрөвдүгээр сарын 27-нд БТС-ын тухай хуулийн ажлын хэсгийг тусгайлан байгуулан ажиллаж, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ахалсан ба өнгөрсөн хугацаанд олон удаагийн хурал, хэлэлцүүлэг, санал хүлээн авах, судалгаа хийн төслийн төсөл боловсруулан, УИХ-ын гишүүд нь идэвх чармайлт гарган ажиллаж байгааг тэрээр дурдан ярьсан. Хэлэлцүүлсэн асуудалтай холбогдуулан Ч.Зоригтбаатар, Д.Энхгэрэл, Д.Сүрэнхорлоо, Х.Энэбиш, Х.Бакытжан, С.Жамц нарын ажлын хэсгийн гишүүд үг хэлж, олон үнэтэй санал гаргаж, өөрийн бодлоо солилцлоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.